“Өдий насандаа эцэг эхээс өгсөн энэ нэрийнхээ өмнө хоригдол гэдэг үг оруулсандаа гутраад байх юм. Дээрээс нь энэ өвчин хууч” гээд 50 эргэм насны эрэгтэй толгой гудайж, нулимсаа арчив. Сэтгэцийн эмчтэй 1 цаг гаруй ярилцсаны эцэст тэрбээр, “Эндээс гараад ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж, илүү их хичээнэ ээ. Ханийнхаа миний төлөө гэсэн үг, үйлдэл бүрд сайн сайхнаар хариу барина” гэсээр гарч одов. Түүнтэй ярилцсан алба хаагч бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн их эмч, ахмад Б.Гомбо байлаа.
Гадаах сандал дээр нь суугаад эмнэлэгт хэвтсэнээ эргэж байгаа халуун савтай цай, тортой юм барьсан хүмүүс, үүднээсээ эхлээд үргэлжилсэн урт цувааны дэргэдүүр алхаж, өвчтөнүүдээ цагийн хуваарийн дагуу үзэж, зовлонг угтаж, жаргалаар үддэг эмч нараас ялгарах зүйл нь гэвэл тэр хос тангарагтан. “Монгол Улсын Төрийн далбааг мандуул” тушаалаар эгнэн жагссан алба хаагчид Төрийн далбаа зүг хараа гарган, Төрийн дуулал эгшиглүүлж, “Болно. Дараагийн ажиллагаанд шилж” тушаалаар өрөөндөө яаран орж, төрийн цэргийн хувцсаа эмнэлгийн халаадаар сольж, ээлжээ хүлээн авахаар эмнэлгийн коридороор алхах ахмад Б.Гомбо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Алба хаагчийн нэг өдөр” фото сурвалжилгын энэ удаагийн зочин.
976-51-266266