Өргөдөл гомдол гаргах заавар

 НЭГ.ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт: “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд:

Өргөдөл гэдэг нь: Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлоос бусад хүсэлтийг хэлнэ. Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

Саналын шинжтэй өргөдөл нь: Төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

Мэдэгдлийн шинжтэй өргөдөл нь: Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг; Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

Гомдол гэдэг нь: Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу: 

1.Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2.Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3.Тухайн байгууллага, албан тушаалтанд өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4.Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Өргөдөл, гомдол гаргагчийн эрх

  • Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;
  • Өргөдөл, гомдолтой холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах;
  • Өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах;
  • Өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх.

 Байгууллага өргөдөл, гомдлыг хянан хэлэлцэх

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд:

1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

2.Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан хариуг өгнө.

Ø  Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/38 дугаар тушаалаар батлагдсан ”Хил хамгаалах байгууллагад хандаж иргэд, алба хаагчдаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д заасны дагуу удирдлагын цохолттой өргөдлийг сар бүр, шаардлагатай тохиолдолд нэн даруй “Өргөдөл, гомдол хянан хэлэлцэж, дүгнэлт гаргах комисс”-ын хурлаар хэлэлцэнэ.

ХОЁР.ӨРГӨДӨЛ, ГОМДОЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд:

1.Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.

2.Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

3.Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

ГУРАВ.ӨРГӨДӨЛ БИЧИХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

 1.Байгууллагын нэр, хандаж буй албан тушаалтны нэрийг голлуулж, овог нэр, гарын үсэг, оршин суугаа газрын хаяг буюу холбоо барих утас, он, сар, өдрийг бичсэн байна.

2.Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулгыг дараах байдлаар бичнэ.

  • Өөрийн тухай товч танилцуулга
  • Ажил байдлын талаарх мэдээлэл
  • Өргөдөл хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгааг бичнэ.

Add comment

reload, if the code cannot be seen